Далайд гарах юмсан
Халуун мантууны үнэр ханхалж гудамжинд хөл хөдөлгөөн орж хүмүүс холхиж эхлэв бололтой цонхоор шагайвал үүр цайгаагүй байх бөгөөд өнгөрсөн шөнө бороо орсон аятай чийг үнэртэж байлаа. Бээжин хотын хавар цаанаа л нэг гунигтай бөгөөд олон жилийн түүхтэй энэ хот ховстуулсан мэт уйтгартай билээ. Босоход арай эрт тул өдийд зүүн японы эргээр сакура цэцэглээд урин цаг ирсэн хичнээн сайхан байгаа болдоо гэсэн шүү зүйл бодон хэвтлээ. Өвлийн турш тоосонд дарагдсан жижиг завиа гаргаж тослох шиг сайхан мэдрэмж зөвхөн хаврын өдрүүдэд тохиох бөгөөд шинэхэн загас үнэртэж далайн мандлаас эх газрыг ширтэнэ гэдэг юугаар ч зүйрлэшгүй гайхалтай мөч… Сакура цэцэг хагдарч хаврын салхинд хийсэж. эргийг бүхэлд бүрхэх нь бүтэн жилд ганцхан олдох гоо үзэсгэлэнгийн туйл ч байж мэдэх юм. Хаа газар явахдаа сайхан дурсамжаа өгүүлэн санах нь хүний л араншин гэлтэй. Бээжингийн бүүдгэр өдрүүдэд нэг л дасаж өгөхгүй байгаа нь сэтгэлийн гүнээс цухалзан мэдрэгдэнэ. Өдөр өдрөөр өөрчлөгдөн өндөр барилга сүндэрлэх болсон энэ хот өөрийн гэсэн дүнсгэр төрхөө хадгалан. өнө олон жилийн нууцыг өөртөө тээх шиг…
Ахиад нэг өглөө ахиад шинэ мантуу амьдралын их хүрд тус хотод хэтэрхий хүчтэй эргэнэ. Эндээс явж далайд гарах юмсан. Энд үзэж чаддаггүй час улаан нараа санаад байх юм.