Зураач Ш.Чимэддорж ( Төрийн шагналт УГЗ )
Бэхэн Зураг
Бэхэн зураг бол дэлхийн дүрслэх урлагийн түүхэнд томоохон байр суурь эзлэх төрөл бөгөөд 2500 орчим жилийн түүхийг өөртөө тээж буй урлагийн нэгэн төрөл билээ.
Тэр дундаа зүүн хойд азийн урлагийн түүхийг бэхэн зураггүйгээр төсөөллөхөд бэрх юм.
Энэхүү урлагийн төрөл нь материалын хувьд цаас болон торгон даавуун дээр бэхээр зурдаг техник арга ажиллагаатай. Бэхэн зургийн техник арга ажиллагаа нь цаг хугацааны хөгжилийн явцад төдийлөн өөрчлөгдөөгүй ба уламжлал болон үргэлжилсээр байна.
Гагцхүү бэхэн зургаар илэрхийлэгдэх бүтээлийн агуулга дүрслэл нь уран бүтээлч тус бүрийн дотоод ертөнц, үзэл бодол, гоо зүйн ялгаатай байдлаас хамаарч өөр өөр байх боловч аливаа нэг үндэстний онцлог шинж, ахуй амьдрал, соёлын өвөрмөц ялгарал нь уран бүтээлч бүрт илэрч дүрслэгдсэн байх нь олон.
Харин уламжлалт бэхэн зургийн тухай төдийлөн сайн ойлголтгүй байсан барууны ертөнц нь бэхэн зургийг дүрслэх урлагийн нэгэн төрөл гэхээс илүүтэйгээр дадлага дасгал, бэлтгэл судалгаа, уран зохиолын номын чимэглэл зураг төдийхнөөр авч үздэг байсан нь ази болон барууны ертөнц хооронд урлагийн тухай ойлголт, хандлага, гоо зүйн философийн хэр ялгаа байгаа болохыг илэрхийлж байна.
Өнөө цагт өөрийн орны уламжлалт соёл, ёс заншил, үндэсний онцлогт гоо зүйн философийг тээн үзэл бодол, үнэт зүйлээ бат хамгаалан, түүнийгээ илэрхийж уран бүтээлээ туурвина гэдэг хүнд асуудал.
Зураач Шагдаржавын Чимэддоржийн хувьд энэхүү хүнд замыг чадварлагаар туулж яваа уран бүтээлч билээ. Тэрээр өөрийн бүтээлдээ голчлон уламжлалт монгол ахуй соёл, морь, байгаль, тал нутгийн орон зайд буй яруу тансаг оршихуйг бэхэн зургийн цөөн зураасаар илэрхийлэн гаргадаг.
Түүний бэхэн зураг дахь үндсэн дүрслэл, гоо зүйн философи нь тухайн дүрслэн өгүүлж буй сэдвийнхээ дүр төрх, анатомиг чухалчлахаас илүүтэйгээр мөн чанар, сүнсийг нь илэрхийлэхийг зорьдог.
“Айдаа амьдрал шүлэг шиг сайхан Алтан дэлхий дуу шиг сайхан” гэж толгой холбон бичиж буй мэт бүтээлүүд бол түүний бэхэн зургийн бүтээлүүд. Энэ төрөлд бол тэрээр мастер. Учир нь түүний бүтээлд хиймэл, хуурмаг зүйл огт үгүй бөгөөд бүгдийг биеэр туулж таньж мэдсэнээ тунгаан бодож туурвиж буй болохоор илүү амьд мөн чанарыг гаргаж чаддаг байх. ”Бэх нь хүрээгүй орон зай ч бэхний таталт бүртэй адил ач холбогдолтой” хэмээх сонгодог тодорхойлолт түүнийг хангалттай илэрхийлэнэ гэж бодож байна.
Мөн түүний бэхэн зургийн бүтээлүүд нь азийн бусад орны уран бүтээлчдийн бэхэн зургийн бүтээлүүдээс ялгарадаг онцлог нь агшин зуурын сэтгэл хөдлөл, мэдрэмжийг илэрхийлэн гаргахад бус тунгаан бодсонноо цөөн зурлагаар эрч хүчтэй илэрхийлхэд оршиж байдаг. Тэрээр өөрийн бэхэн зургууддаа морь болон монгол ахуйг ихээхэн дүрслэх ба тухайн бүтээлийг үзэж буй үзэгчид сүрэг адуун дотор орсон мэт эсвэл монгол хүнтэй уулзаж буй мэт сэтгэгдэл төрүүлнэ.
Чимэддоржийн бийрийн таталт бүр нь нягт нямбай ажиллагаатай, дүрслэл нь алдаагүй ба хэлбэр дүрсний хувьд заяагдмал буюу соёл уламжлал, үндэсний онцлог, монгол хүний мөн чанарийг илэрхийлсэн өгөгдөлтэй байдаг.
Хүн төрлөхтөн хөгжихийн хэрээр урлагийн тухай ойлголт, үнэлэх үнэлэмж, хандлага, үзэл бодол зэрэг олон олон өөрчлөлт гарч байна. Энэ бүхний дундуур өөрийн үндэсний соёл, уламжлалыг бийрийн тансаг таталтаар илэрхийлэн гаргаж бүтээл бүртээ тусган ази төдийгүй дэлхийд түгээж байгаа билээ…
Бичвэр бичсэн Д.Төмөрсүх ( Куратор )