Нур-Султан хот ( Астана )
Шөнийн 11 цаг өнгөрч байхад Казахстаны нийслэл Нур-Султан хотод ирлээ. Хоёр хоног үргэлжлэн орсон цаснаас болоод зам хаагдсан учир тойруу замаар явсаар нилээд цаг зарцуулж байж ирсэн юм. Төлөвлөснөөс нилээд хоцорсон учир цааш хөдлөх галт тэрэгнээс ч хоцров. Орос казак хольж ярьж байгаа учир ойлгоход их төвөгтэй. Ангил хэлтэй хүн олоход хэцүү байлаа. Хонох газарт их санаа зовж байсан ч жолоочийн тусламжтай хонох газраа амархан олчихсон юм. Казахстаны иргэд казак гэж яривал илүү дээр байх. Бидэнтэй их төстэй царай төрхтэй хэдий ч үйлдэл зан араншин оросуудтай илүү ойрхон гэмээр гэвч шашин шүтлэг нь тэс өөр. Исламын шашинтай боловч тийм ч чанга хатуу дэг жаяг үгүй мэт санагдав. Би энд дурын сүмдээ нээлттэйгээр орж сонирхож зураг дарж асуух зүйлээ асууж чадаж байлаа. Маш олон зүйлээрээ биднээс өөр гэхдээ нүүдэлчид. Шашин шүтлэг, үнэт зүйл, гэр бүлийн харилцаа нийгмийн харилцаа бие биенээ хүндэлж буй хүндлэл гэх мэт ялгарах онцлог олон. Бид тэднийг Лалын шашинт буюу буруу номтон гэж ойлгох дуудах нь олон гэвч миний буруу гэж ойлгож үнэлж. байгаа зүйл өөр хэн нэгэнд буруу биш байж болно шүү дээ. Тийм учираас бид Исламын шашин гэж зөвөөр ярьж сурах хэрэгтэй байх. Харин энэ хотын тухайд бол миний өмнө явж үзэж байсан хотуудтай харьцуулахад нилээд сэтгэл гонсойм санагдав. Мэдээж цэвэрхэн зохион байгуулалт сайтай гудамж талбай нь уужим өргөн сайхан барилга байгууламж олон гэвч тус хотод хүн хоорондын харилцаа байхгүй юм шиг санагдав. Нэг тийм хөндий хоосон. Хүчээр эвлүүлээд тавьчихсан мэт хиймэл. Сүнс сүлдгүй тийм л хот байлаа.
Миний хувьд Нур-Султан гэхээс илүү өмнөх Астана хэмээх нэр нь сайхан санагддаг байсан юм. Мөн тус хүний нэрээр нэрлэгдсэн Их сургууль, сүм, бизнес төв гэх мэт барилга байгууламж их нэг талаасаа тренд нэр ч юм шиг. Нэгэн казах залуугаас яагаад энэ хүний нэрээр ийм олон юмаа нэрлэсэн юм бэ… ? Тэгж их бурхан мэт хүндлэгдэн шүтэгдсэн хүний гэж асуухад. Тэрээр тэр бол 30 жил Казахстаныг удирдсан хүн түүнийг их удирдагч гэж өссөн бүтэн үе бий шүү дээ гэж хариулсан юм…
2 сарын сүүл гэхэд цас ихтэй хүйтэн байлаа гудамж талбайн цасаа цэвэрлэж дийлэхгүй 10см ээ. Зузаан мөс тогтсон байлаа.
Ингээд би дараагийн хотруу хөдөллөө…