Хаврын цас…
Барнаул хот
Барнаул хотоос гараад 200 орчим км яваад бид замдаа зогсон нойр авахаар болов учир Алмата хотоос гараад 20 гаран цаг манай жолооч огт амраагүй бөгөөд оронд нь жолоо сэлгэж барих хүн үгүй билээ. Би ч хэдийн тухаа олчихсон тул цонх налаад хүрмээ нөмрөөд унтаад өгөв. Хэр удаан унтсанаа санахгүй байгаа ч хүүе хүү минь бууя гэх өвгөний дуунаар сэрэхэд үүр хаяарч нар цухуйж эхлэж байв. Машинд зорчиж буй 6-н хүн зөвхөн надтай ойлголцохын тулд Монголоор ярих бөгөөд бусад үед хоорондоо казакаар хөөрөлдөнө. Тэр нь ч надад тустай байлаа. Хажуу суудлын өвөөг буулгахын тулд би ч мөн буув. Алтайн нурууны өндөр уулс наран мандах зүгт дүнсийх нь сүрлэг ба сүрдмээр. Уулсын завсраар мандах нарны час улаан туяа түймрийн гал мэт цацрах ба цав цагаан цасанд гялтганан туяарах нь гайхамшигтай үзэсгэлэнтэй. Яг л энэ түр зуурын гэмээр гоо үзэсгэлэн нь түр зуурын зүүд мэт байлаа. Аливаа зүйлээс гоо үзэсгэлэн сайхныг мэдэрнэ гэдэг хувь хүний дотоод ертөнцөөс хамаарах бөгөөд мөнхийн эсвэл томьёолж тодорхойлсон ойлголт үгүй билээ гэж буцаж машинд суухдаа бодлоо. Учир нар өндөрт мандаж нөгөө гоо үзэсгэлэн хэдийн замхран алга болсон байв. Өнгөрсөн жилийн өдийд санагдаж байна Парист Нотр-Дам (Notre Dame de Paris) шатаж бараг дэлхий нийтээрээ бичлэгийг үзэж байсан билээ. Надад тэр үед тэр дүрэлзсэн улаан гал тэр сүмийн сүр жавхлантай нийлж илүү үзэсгэлэнтэй харагдаж байсан бөгөөд шатаж буйд маш ихээр харамсаж байсан хэдий ч тухайн мөчийн гоо үзэсгэлэнг гайхширч биширсэн юм… Мэдээж бүх зүйл болоод өнгөрөхөд миний бишрэл тухайн мөчийн гоо үзэсгэлэнтэй хамт замхран одсон билээ.