Шанхай хот
Миний аялал ихэнхдээ том хотыг чиглэдэг тэр тусмаа Шанхай токио мэт олон хүн цугласан газар надад илүү сонирхолтой байдаг. Тэнд л шинэ соёл бүрэлдэж шинэ хэв маяг үндэслэж байдаг. Шанхай хот яаг тийм хот. Ер нь миний төсөөлсөн хятад биш байлаа. Орчин үеийн музей галерей олонтой түүнийгээ дагаад үзэгчид ч олонтой. Дундад улсын нийслэлээс гараад 19 цаг явсны эцэст өглөөний 7 цаг орчимд Шанхай хотод ирсэн юм. Ядар ч байсан хэдий ч сониуч зан минь намайг хөтөлсөөр үд гэхэд 5 галерей үзэж амжив. Би голын хойд талд байрлах хуучин Шанхайд байрласан бөгөөд хуучин цагт Британи, Франц, Япон гэх мэт улс орнуудын нөлөөлөлд байсан хот болохоор европ хийцийн барилга байгууламж нэн их. Үд хэвийж харуй бүрий нилээд дөхөөд ирэхийн алдад нэгэн хуучны эдлэл зардаг жижиг дэлгүүрийн үүдийг шагайн орлоо. Дэлгүүрт хаана юу байгааг мэдэхэд хэцүү нилээд замбараагүй. Хүрсэн газар болгон тоостой, лангуунууд хуучин зүйлээр дүүрэн. Удалгүй дэлгүүрийн цаад булангаас настай бөгтөрдүү эмээ гэрч ирэн Хятадаар надтай мэндэллээ би мөн хариу мэндлэн дэлгүүрийн булан тохойруу харцаа минь тэнэлээ. Соёлын хувьсгалын үеийн ухуулах хуудас, тууз гэх мэт зүйлүүд олон байх бөгөөд түүн дотроос Мао-гын хөрөг зураг хамгийн олон байв. Худалдагч эмээ надаас юм асуусан хэдий бид 2 ойлголцохгүй учир би зүгээр толгой тохиж байлаа. Тэр олон зүйлүүд дотроос хуучин Япон унадаг дугуй миний сонирхлыг ихэд татсан бөгөөд би ч очиж энэ тэнд нь гаран сонирхож эхлэв. Гэтэл нөгөө эмээ гэнэтхэн надаас чи Япон хүн үү гэж Японоор асуув. Тухайн агшинд би ойлголцож чадна гэж баярласандаа ч тэр үү тийм гээд хариулчхав. Гэвч байдал буруугаар эргэж нөгөө худалдагч эмээ намайг Японоор үргэлжлүүлэн загнан харааж дэлгүүрээсээ хөөж гаргав. Хэдхэн хормын хооронд нөхцөл байдал тун хачирхалтайгаар эргэн би бага зэрэг шоконд орсон байдалтай цааш алхлаа. Хэзээ ч төсөөлж байгаагүй нөхцөл байдалд орсон болоод ч тэр үү… Эмээгийн тухай бодохгүй байж чадсангүй. Хэрвээ би зүгээр Монгол гээд үнэнээ хэлсэн бол тэр хүн тэгж намайг хөөхгүй байсан ч байж магадгүй. Эсвэл тухайн эмээд япон хүнтэй хамааралтай таагүй дурсамж байдаг байж болох юм. Тиймэрхүү дурсамж нь зүгээр тухайн үед сэдэрсэн учир надад тэр сэтгэл хөдлөлөө барьж чадаагүй байж болно шүү дээ. Угаасаа хүмүүс бид чинь уур бухимдалдаа тэр болгон бариад дараад байна гэдэг хэцүү ч байх гэх мэтээр эмээгийн тухай бодол үргэлжилсээр. Гэхдээ яагаад ч юм надад тийм муухай зан гаргасан эмээг би дотроо өмөөрөөд буруутгаж чадахгүй байлаа.
Би ийнхүү бодон Хуангпу / Huangpu / голыг даган Шанхай хотын хоёр өөр дүр төрхийг тольдон цааш алхсаар.
25000 км аялал