Халамж

КИОТО

Өглөөний нислэгээр цаг гаран нисээд Киотод газардлаа. Наймдугаар сарын ид халууны амралт эхэлсэн болохоор тус хот дотоодын жуулчдын хөл хөдөлгөөнд дарагджээ. Японы хамгийн алдартай энэ хотын иргэд улсынхаа олон зуун жилийн түүхийг тээж буй хотод амьдардаг гэдгээрээ тун их бахархаж, толгой дээгүүр явдаг хүмүүс. Онгоцны буудлаас намайг Камада сан тоссон. Тэрээр 60 нас дөхөж буй гэхэд их хөнгөн шингэн бөгөөд авто машинд дуртай мань өвгөн цоо шинэ BMW унасан байв. Киото хот эртний сүм хийд, орд харш барилга байгууламж ихтэй тул орчин цагийн шилэн барилга төдийлөн үзэгдсэнгүй. Анх очиж буй хүнд цаг хугацааны аялал хийж байгаа мэт санагдана. Токиог бодвол нарлаг сайхан байна гэсэнд Камада сан “Аргагүй ээ, намар ирж байна. Тэглээ ч Киото бол Токиог бодвол далайгаас зайдуу шүү дээ” гэлээ. Камада сан бид хоёр Бээжинд танилцаж нэг “гэйст хауст” долоо хоног хамтдаа байрлахын сацуу тус хотоор ч хамтдаа аяласан юм. Түүний аав нь түүхч хүн байсан бөгөөд Зүүн хойд Азийн судалгааг түлхүү хийсэн гэдэг. Үүнд Монголоос эхлээд Манж, Хятадын түүх орно.

Бид явсаар эртний хийцтэй нэгэн байшингийн гадаа ирж зогслоо. Камада сангийн гэр бүл энэ эдлэн газарт зургаан үеэрээ амьдарч байгаа бөгөөд Камада сан сүүлийнх болж магадгүй юм.

Учир түүний ганц хүү үүргэвчтэй аялал хийж яваад бусдын гарт амь насаа алджээ. Тэр явдлаас хойш аав нь хүүгийнхээ дэлхий тойрох мөрөөдлийг нь гүйцээнэ гэж үүргэвчтэй аялал хийдэг болсон ба сүүлийн хот Бээжин байсан гэж надад бүүр сүүлд ярьж байж билээ. Хүү нь одоо амьд ахуй байсан бол 30 гаруй насны ид сайхан залуу байх байсан даа.

Хашааны хаалга онгойж гэрийн эзэгтэй Маки сан намайг тосов. Анх удаа уулзаж байгаа боловч намайг хэзээний таньдаг мэт дотно хандана. Надад ачаа гэх зүйл байхгүй болохоор машинаас ганц үүргэвчээ аваад бид гурав дотогш орлоо. Гурван зуу гаруй жилийн өмнө барьсан гэх уламжлалт япон загварын байшингийн хоёр давхарт надад өрөө гаргаж бэлдсэн байлаа. Энэ том байшинд Камада сан эхнэр ээжийн хамт амьдрах бөгөөд талийгаач хүүгийнхээ өрөөг яг тэр чигт хадгалж үлджээ. Камада сангийн ээж өдгөө 90 дөхөж байгаа жижигхэн эмээ бөхийн намайг угтав. Бидний яриа хоолны ширээнд үргэлжиллээ. Маки сан надад хандан “Дэлхийг тойрон аялж танин мэднэ гэдэг их сайхан мөрөөдөл шүү, хүн төрөлхтөн гэдэг хэчнээн гайхамшигтай гээч... Хэдэн орноор очиж үзсэн бэ..., Токиод оюутны амьдрал хэцүү байгаа биз, яаж энэ олон зүйлийн амжуулж чадаж байна” гэх мэт асуултуудыг үргэлжлүүлэн асуув. Төгсгөлд нь “Камада чиний тухай их ярьдаг болохоор надад илүү сонирхолтой санагдаад олон юм асуучихлаа, уучлаарай” гэж яриагаа дуусгав. Хөнгөн цайлж аваад арын цэцэрлэгт хүрээлэнг сонирхохоор Камада сан бид хоёр хамт алхав. Байшингийн ойролцоо бонсай ургуулж арчилна. Харин гол хэсгээ зэн буддын сүм хийдийн загвараар

тохижуулсан байлаа. Үдийн халуун нар бууж бага зэрэг сэрүү орох үед Камада сангийн ээж тармуур барин гарч ирж цэцэрлэгт хүрээлэнгийн хайргыг тэгшилж эхлэв. 90 дөхөж буй боловч хөнгөн шингэн гэж жигтэйхэн. Гэхдээ л ийм өндөр настай хүнийг ажил хийгээд зогсож байгааг харахад санаа зовниж, түүнийг Камада санд тойруулан хэлэхэд төсөөлж байснаасаа тэс өөр хариулт авлаа. Камада сан надад хандан “Миний амьдралд хар дарсан зүүд мэт 10 жил байдаг юм, эхлээд би намайг гар дээрээ өсгөсөн эмээгээ алдсан, дараа нь аавыгаа, тэгээд өвөөгөө, хамгийн сүүлд нь ганц хүүгээ. Яг шийтгүүлж байгаа мэт он жилүүд байсан даа, бүүр тоон давхцал нь хүртэл хараал мэт хоёр хоёр жилийн зайтайгаар надад тохиолдсон. Одоо надад байгаа хамгийн чухал хоёр хүн бол эхнэр ээж хоёр минь юм шүү дээ. Ээжид минь ахиад 15-20 жил байна ядаж зуу хүртлээ нүдэнд минь харагдаад байж байвал надад л аз жаргал юм даа. Хүн ер нь тэгээд хөдөлгөөн багасаад эхлэхээр хөшөөд бие муудаж эхэлнэ. Нас явах тусам тогтмол хөдөлгөөн хийж сэтгэл санаагаа амар тайван байлгаж бага идвэл урт насална даа” гээд инээв. Би өөрөөсөө ичиж ийм юм асуусандаа санаа зовов. Ингээд бид хоёрын ахуйн яриа дуусаж Киото хотын шөнийг үзэхээр хотын төв рүү хөдөллөө.

Connect with Temerx Suke