Амьдрах л хэрэгтэй…
Бээжин хотод буцаж ирээд 2 дахь өглөөний нарыг угтаж байна. Төвдийг зорьсон аялал бүтэлгүйтсэн болохоор сэтгэл гонсгор тэр цаана сэтгэлийн гүнд нэгэн шаналал оршоод ч байх шиг нэг тийм тэс өөр хүний сэтгэлийн гүнрүү өнгийж буй мэдрэмж. Мөн Бээжин хүрэх галт тэргэнд санамсаргүй таарсан ахимаг насны аххүүгын яриа сэтгэл санааг минь бүр ихээр уймруулж орхисон. Тэр хүн дээд Монголоос гаралтай бөгөөд соёлын хувьсгалын хүнд цаг үед дарамт шахалтаас зугтааж нутгаа орхин Хунан мужид суурьшаад өдгөө 40 орчим жилийн нүүрийг үзэж байна даа хэмээн яриа эхлэв би өөрийгөө Монголоос яваа хэмээн танилцуулахад тэр хүний харц хачин жигтэйгээр өөрчлөгдсөн бөгөөд харцнаас нь баярласан, гайхсан, балмагдсан сэтгэл хөдлөлүүд зэрэг уншигдаж байлаа. Хамгийн сайхан нь тэр хүн надтай сайн байна уу гэж мэндэлсэн. Энэ их хүн амтай улсад сайн байна гэж надтай мэндлэх хүнтэй таарна гэдэг өдрийн од шиг ховор үзэгдэл. Түүний монгол хэлний аялга ойлгоход бага зэрэг хэцүү хэдий ч бид хоёр бие биенийхээ ярьж буй зүйлийг маш сайн ойлгож байлаа. Тэр хүнээс Монголоо санасан нутгаа санасан тийм халуун мэдрэмж болон соёлын довтолгооны тэр л хүнд цаг үед шашин шүтлэг, яс үндэс, унаган соёлын ялгаатай байдлаас болж яаж зовж шаналсан олон хайртай хүнээ өөрийн нүдний өмнө бусдын гарт болон өвчин зовлонд алдаж араас нь шаналж буй сэтгэлийн зовуур мэдрэгдэж байлаа. Бээжинд нэлээд дөхөж ирсэн хойно би хоёрын яриа эхэлсэн учир хоёрхон цаг л яриад бид өөр өөрийн мөрийг хөөссөн юм. Түүний тэр их сэтгэлийн тэнхээ хорвоо дэлхийг харах өнцөг гайхалтай. Хүмүүний ертөнц дэндүү баялаг өдөр бүрийн наран өөрөөр намайг баясгадаг. Нар ямар ч байж болно. Гагцхүү амьдрах л хэрэгтэй алдаа оноо, итгэл найдвар, зовлон зүдүүр бүгд оршин байж амьдрал баялаг болж байдаг юм. Хүний амьдралд тохиолдсон хүнд хэцүү зовлон зүдүүр эргээд сэтгэлийн тэнхээ хурц ухаарал болон үлддэг юм шүү…
Гагцхүү дааж л сурах хэрэгтэй амьдрах л ёстой. Цаг үе биднийг гэсгээнэ бас мялаана.
Өрнөж буй энэ олон үйл явдал амьдралын хатуу хөтүү дунд орших л хэрэгтэй. Хүнд тэсвэрлэж чадах зовлон, эс тэсвэрлэх зовлон гэж байхгүй ээ угтаа нэг л зүйл юм. Харин бүхэл зүйл чамаас өөрөөс чинь шалтгаалдаг юм шүү гэж хэлсэн тэрхүү дээд Монголын яриа өдгөө толгойд минь эргэлдэж намайг шаналгаж байна.
Өрөөнд чимээ гарч хажуу орны нөхдүүд сэрж эхлэв би ч гарч гудамжны хоолоор гэдсээ аргацааж ганцаар алхав.