“Аян Ерэн есөн жилийн газар” Б.Цолмонбаяр бие даасан үзэсгэлэн

Temerx Suke
2 min readJan 27, 2025

--

​Хүн төрөлтөн бид тэртээгээс өнөөг хүртэл эх дэлхийн оршихуйд Аян хийж аж төрсөөр байгаа билээ, үүнийгээ нотлох элдэв үлгэр домог, аман яриаг хойч үедээ уламжлуулан нэг төрлийн соёлыг бий болгосон төдийгүй түүгээрээ дамжуулан сэтгэлгээний онцлогоо үеийн үедээ уламжлуулан хадгалж ирсэн.

Хүн төрөлтөн хөгжлийн аян хийхийн хэрээр өнөө сэтгэлгээний онцлогоо илэрхийлж түүгээрээ ялгаран ондооших болсон. Түүх гэдэг бол улс үндэстний оршин байсан, аж төрсний баталгаа болдог бол харин домог үлгэр гэдэг нь тухайн үндэстэн арт түмний сэтгэлгээний онцлогийн суурь болдог билээ.

Түүнээс гадна улс орон бүрийн домог үлгэрийн үүсэл хөгжил, бүтээл туурвилаас харахад тухайн үндэстэн үлгэр домгоороо дамжуулан хэл соёл, ёс уламжлал таниулан сурталчлах нь элбэг байдаг. Түүнчлэн маш сайн судлагдсан үлгэр домогт тулгуулан орчин цагийн сайн кино, анимейшин, аниме бүтээгдэх болсон.

Домог үлгэр нь аман зохиолын бусад төрөл зүйлээс ялгарах хэд хэдэн онцлогтой. Энэ нь поп арт болон анимешины дүрслэлийн арга зүйд гойд зохицох онцлогтой билээ.

Үүнд:

- Сансар огторгуй, эх дэлхий, амьд амьтан гэх мэт зүйлсийн үүсэл гарлыг уран сэтгэмжээр тайлбарлахыг оролддог.

• Гол дүрийн баатрууд нь бурхан, сахиусан тэнгэр, ер бусын хүч чадалтны дүрээр илэрхийлэгддэг.

• Бэлгэдлийн зүйлсийг маш ихээр агуулсан байдаг.

• Бодит үйл явдал үгүйлдэггүй, цэвэр уран сэтгэмжийн хүүрнэл зохиол юм.

Мэдээж дээр дурдсан онцлог чухал хэдий ч тухайн уран бүтээлч өөрийн соёл уламжлал сэтгэлгээний онцлогийн хэрхэн судалж харж байгаа нь бүтээлээр нь илэрхийлэгддэг.

Уран бүтээлч Б.Цолмонбаярын “Аян Ерэн есөн жилийн газар” хэмээх энэхүү үзэсгэлэн нь Монгол сэтгэлгээний онцлог, үлгэр домог болоод ахуй соёл, археологийн олдвор тэдгээрийн судалгаанд суурилан, орчин цагийн хүмүүсийн ойлгох хэлээр буюу өдөр тутамдаа хэрэглэдэг эд зүйлстэй хослуулан дүрсэлжээ. Дэлхий даяаршин, соёлууд ойртон нягтрах, холилдох үйл явц хүчтэй явагдаж байна гэж үзэж болох хэдий ч нөгөө талаасаа үндэстний сэтгэлгээний онцлогт суурилсан ондоошлыг уран бүтээлч Б.Цолмонбаяр тус үзэсгэлэнгээр илэрхийлэхийг зорьсон байна.

Мөн 1960 оноос хүчтэй хөгжих болсон Поп арт нь өдгөө ч дэлхийд хүчтэй тархаж Монголд мөн нөлөөгөө үзүүлж байгааг “Аян Ерен есөн жилийн газар” үзэсгэлэнгээс та мэдрэх болно.

Үлгэр домгоос судалж өөрийн уран сэтгэмжээр бүтээсэн дүрүүддээ поп артын тод, хурц өнгөөр зохиомжилж, нарийн зураасаар тодруулсан нь уламжлалт дорнын зургийн арга барилыг хослуулан хийсэн нь өнөө цагийн уран бүтээлчид өрнө дорнын нийлбэрээр өөрийн урлагийн хэлээ бүрдүүлж буйг илэрхийлж байна. Техник технологи болон хиймэл оюун, метаверс буюу виртуал орон зай хүчтэй яригдах, хийгдэх болсон энэ цагт Монгол сэтгэлгээний онцлогтой дүр, дүрслэлүүд видео тоглоом, кино болон анимейшн зэрэг популар энтертайнмент бүтээлүүдэд ийм төрлийн сэтгэлгээний бүтээлүүдээ оруулж болохыг харуулсан үзэсгэлэн болсон.

Түүнчлэн тэрээр бүтээлийн дүр, дүрслэлүүдээ хийхдээ нэг бүрчлэн уншиж судлахаас гадна хөгжүүлэлтийн олон хэлбэрийг ашигладаг болохыг та бүхэн тус үзэсгэлэнгээс үзэж болно.

Үзэсгэлэн баримал, уран зураг, эскиз хар зураг гэсэн үндсэн 3 төрлөөс бүрдсэн 50 гаран бүтээлээс бүрдэх ба 2025 оны 1 сарын 31-ний өдрөөс 2 сарын 9-ний өдөр хүртэл Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарах болно.

Бичвэр: Төмөрсүх Д

--

--

Temerx Suke
Temerx Suke

Written by Temerx Suke

Фүжи Уулын Савдаг

No responses yet