“ Ганцаараа угтсан шинэ он…”
Токио
Баярын энэ өдрүүдэд үндсэн ажилтнууд ихэнх нь амардаг учир бид бусад өдрүүдээс илүү ачаалалтай байлаа. Гудамж талбай хөл хөдөлгөөн ихтэй энд тэндгүй баяр хөөр жигнэнэ. Би илүү цаг хийж буй учир ердийн өдрүүдээс хамаагүй оройтож тарсан.
Гудамжаар алхаж буй хүн бүрийн царайнд инээмсэглэл тодорч хаа нэг тийшээ яарч буй нь тодхон.
Надад харин яарах шалтгаан байсангүй. Нэгэнт л гэртээ очоод ганцаараа учир юунд яарах вэ дээ гэж бодсон ч он солигдохоос өмнө гэртээ харья гэж бодон алхана. Энэ шөнийн Токио хот бусад өдрүүдийнхээс ер бусын байсан учир харихаа умартан Аракавагын эргээр ганцаараа Асакусагын зүг алхав. Энэ голын эрэг дулаахан бас чийглэг том ширхэгтэй зөөлөн цас хаялна. Магадгүй Токио хотын нууц үүнд л нуугддаг байх гэсэн бодол толгойд эргэлдэн хэр удаан алхсанаа мэдэхгүй ч аль хэдийн олон хүн бужигнасан Сэнсожи сүмийн үүдэнд ирсэн байлаа.
Энд цугласан олон бие биедээ найрсаг хандаж танихгүй хэдий ч хүн бүр л мэндэлж байлаа. Би хэдийн ганцаар яваа гэдгээ мартаж далайн зөөлөн давлагаанд хөвж буй найрсаг хүмүүсээр дүүрсэн завинд суусан мэт болоод явчхав.
Бүх хүн л он солигдох мөчийг зарлан тунхагладаг сүмийн хонхны чимээг догдлон хүлээж буй нь илт. Хүн бүхэн адилгүй ч энэ бүх хүмүүсийг цаг хугацаа нэгтгэж байгаа гэдэг гайхалтай. Тэр хонхны жингэнээ амьдрал хэмээх энэ далайд хөвж буй олон олон завинд эрэгт хүрэх зүг чигийг заадаг байж ч магадгүй. Тийм ч болохоор аялагч бүр анхааралтай чагнаж байгаа болов уу.
Гурав, Хоёр, Нэг хонх чангаар жингэнэж он солигдлоо…
Бүх аялагчдад амжилт хүсье Амьдрал хэмээх далайд Аз үргэлж таны дэргэд байг.