Temerx Suke
5 min readJun 3, 2024

УРЛАГИЙН БҮТЭЭЛИЙН ЦУГЛУУЛГЫН ТУХАЙД

Б. ЭРДЭНЭБИЛЭГИЙН ДҮРСЛЭХ УРЛАГИЙН БҮТЭЭЛИЙН ЦУГЛУУЛГЫН ТУХАЙД

“Цуглуулагч” хэмээн хөнгөн нэрлэгдэх эрхмүүд уран бүтээлчдийн оюун санаа, бүтээл туурвилын үр дүнд бий болсон аливаа бүтээлүүдийг шимтэн үзэж, ойлгон үнэлж, худалдан авч, хадгалж хамгаалан, хойч үедээ үлдээх хүндтэй үйл хэргийн эзэд байдаг. Хүн төрөлхтний түүхэнд ийм эрхэмүүд олон буйн ачаар бид өнгөрсөн цаг үед амьдарч байсан уран бүтээлчид болон тэдний бүтээл, болоод тухайн нийгмийн нөхцөл байдлыг өдгөө үзэж судалж суут бүтээлүүдийг шимтэн сонирхож байна. Тэдний хамгийн тод жишээ 16-р зууны үед Италийн Флоренц хотоос гаралтай алдарт Медичигийн гэр бүл юм. Энэхүү гэр бүл нь дүрслэх урлагийг дэмжин тэтгэж зарим бүтээлийг худалдан авч цуглуулан хадгалснаар одоо бидний биширдэг суут Микеланжело болон Сандро Боттичелли гэх мэт уран бүтээлчдийн бүтээл болоод оюун санаа хадгалагдан өнөө цагт үлдсэн билээ. Энэ бол зөвхөн барууны оронд тогтсон соёл огтоос биш бөгөөд Монголчууд бидэнд ч энэ төрлийн соёл бий. Тэр тусмаа эртний түүхийн жишээ болгон дурдвал одоогоос 800 орчим жилийн өмнө Юань гүрний их хаан Хубилайн удмын Сэнгэраги гүнжийг тухайн цаг үедээ азийн урлагийн томоохон цуглуулагч байсан гэж үздэг бөгөөд тухайн цаг үеийн цуглуулгаас эх сурвалж болсон, сэргээн засварласан бүтээлүүд өдгөө Бээжин хотын музейд бий. Мэдээж дээр дурьдсан жишээнүүд нь томоохон түүхэн эрхмүүд боловч аль ч нийгэмд хувь хүн өөрийн дурсамж, сэтгэл хөдлөл, мэдрэмж болон үнэлэмждээ хөтлөгдөн бүтээл цуглуулсаар байна. Бүх цуглуулгыг мөнгөөр үнэлэх, илэрхийлэх боломжгүй. Гэвч цуглуулга тухайн нийгмийн тусгал, цуглуулагч нь хэн болох, ямар үзэл бодолтой болох зэрэг олон зүйлийг илэрхийлдэгт үнэ цэнэ нь оршдог. Цуглуулагч Б. Эрдэнэбилэгийн цуглуулга нь Монголын дүрслэх урлагийн 20-р зууны дунд үеэс 21-р зууны эхэн үеийн уран бүтээлчдийн амьдрал оюуны санаа, үнэт зүйлийн өөрчлөлтийн үед нөхөрлөж, хүндэтгэн биширч, туслан дэмжиж, хамтран ажиллаж нэг цаг үеийг өнгөрүүлсний үр дүн бий болжээ. Өдгөө энэхүү уран бүтээлчдээс зарим нь ертөнцөөс буцаж зарим нь нэр хүндтэй уран бүтээлчид болж бүтээлээ туурвисаар байна. Монголд урлагийн бүтээлийн цуглуулгын талаарх ном маш цөөн байдаг бөгөөд Б.Эрдэнэбилэгийн энэхүү цуглуулга нь өөрийн үнэт зүйл, түүх, соёлоо эрхэмлэхийн зэрэгцээ хувийн дурсамж, хүн хоорондын харилцааны эрхэм чанарт үндэслэн бий болжээ. Мөн бүхэл бүтэн сэдвээр ангилагдахуйц цуглуулгыг бий болгож чадсанаараа онцлогтой. Тус цуглуулгын томоохон хэсгийг МУСГЗ олноо Монгол цэргийн хэмээн танигдсан Ч.Батмөнх зураачийн бүтээлүүд эзлэх бөгөөд түүний халх голын байлдааны түүхэн сурвалжуудаас судалж бүтээсэн япон цэргүүдийн хувцас хэрэгсэл, монгол орос дайчдын цуваа, цэргүүдийг бодитоор судалж бүтээсэн эх бүтээл болон судалбар (эскиз, гар зургууд) нь эх хувиараа тухайн цуглуулгад хадгалагдан үлдсэн байна. Мөн өнөө цагийн Улаанбаатар хот 1950–1970 оны үед хаана ямар барилга байгууламж байсныг хэрхэн бүтээн босголт явагдаж байсныг дүрслэн тэмдэглэж үлдээсэн нь тухайн цаг үеийн хүмүүст дурсамж төрүүлэх бүтээл болж залуу үед судалгааны материалын эх сурвалж болох чухал ач холбогдолтой бүтээлүүд болно. Тус цуглуулгыг үзэж байхад Ч.Батмөнх зураачийн нэг гайхалтай чанар бол ямар ч бүтээлийнхээ ард тодорхой дэлгэрэнгүй мэдээллийг тэмдэглэн үлдээсэн байна. Ч. Батмөнх гуайн гайхалтай бүтээлүүд цэргийн музей болон орон нутаг судлах музей, хөрш орнуудын музей галерейгаар хадгалагдаж байгаа хэдий ч тус цуглуулгад эл уран бүтээлчийн олон сайн бүтээлийн эх судалбар болон эх бүтээлүүд хадгалагдаж байна.

Үүний дараа цуглуулгын томоохон хэсгийг СГЗ, МУЭ-ийн шагналт Д.Гунгаа зураачийн бүтээлүүд эзэлж байна. Д.Гунгаа зураач Монголын төр нийгмийн зүтгэлтнүүдийн хөргийг зурахын тулд нилээдгүй судалгаа хийж тухайн дүрийнхээ түүхэн болоод амьдралын үйл явдалтай хамааруулан дүрсэлсэн гэдгээрээ ач холбогдолтой цуврал бүтээлийг Монголын урлагт хийж үлдээсэн. Тэрээр Болгарын Софи хотын дүрслэх урлагийн академийн зураасан зураг буюу графикийн ангийг төгссөн. Тус сургууль нь зүүн европын урлагийн академиудын дунд чадварлаг графикийн уран бүтээлчдийг бэлддэгээрээ алдартай.

Тэрээр олон гайхалтай усан будгийн бүтээлээс гадна, төмөр бар, хулдаасан бар, чулуун барын технологиор бүтээлээ туурвидаг ба өдгөө Монголд чулуун бараар бүтээл туурвиж чадах тун цөөхөн уран бүтээлчийн нэг. Тухайн цуглуулгад хадгалагдаж буй

Д.Гунгаа зураачийн бүтээлүүдээс хамгийн нүд булаам нь “Уурхайчид” хэмээх чулуун барын бүтээл юм (цуглуулгын хамгийн үнэ цэнэтэй бүтээлүүдийн нэг). Түүнээс гадна Монголд графикийн бүтээлд ач холбогдол өгч цуглуулдаг хүн цөөхөн байдаг бол Б. Эрдэнэбилэгийн цугуулгын багагүй хувийг эзэлж байна.

Энэ мэт дурдвал олон сайхан уран бүтээлчдийнбүтээлийг дурьдаж болох бөгөөд ерөнхийд нь тус цуглуулгыг дүгнэж хэлбэл түүхэн сэдэвт реалист уран бүтээлчээс эхлээд дэлхийн хэмжээний урлагийн академид боловсрол эзэмшсэн уран бүтээлч, гадаад орноос Монголд оршин сууж бүтээлээ хийж байсан уран бүтээлч, МУ- ийн Ардын зураач гэх мэтчилэн олон сайн уран бүтээлчдийн бүтээлүүдийг цуглуулжээ.

Хувь хүний зүгээс харвал өөрийн гэр бүлийн нэр хүнд, дурсамж, найз нөхдийн харилцаа, ажлын шугамаар боссон дүрслэх урлагийн цуглуулга мэт санагдаж болох хэдий ч ерөнхий том агуулгаараа олон уран бүтээлчийн үнэ цэнтэй бүтээлийг хадгалан хамгаалж хойч үедээ үлдээж байна. Мөн эдгээр бүтээлүүд нь олон салбарын судлаачдад эх сурвалж материал болон өвлөгдөх боломж олгох болно.

Урлагийн бүтээлийн цуглуулга нь үндэстний оюун санааны өв хэмээх тодорхойлолтоос гадна цуглуулагчийн хувьд оюуны өмч, уран бүтээлчийн нэр хүнд, цуглуулагчийн цаг хугацааны үнэ цэнээр баталгаажсан хөрөнгө болж урт хугацаанд үнэ цэнэ нь өсч байдагг онцлогтой. Цуглуулагчид нь уран бүтээлч, урлагийн зах зээлийн бусад тоглогчидтой үүсгэдэг онцгой харилцаа, тэдний нягт нямбай шийдвэр, өвөрмөц ертөнц нь урлагийн ертөнцийн нэн сонирхолтой нарийн уялдаа холбоог үүсгэн орчин үеийн урлагийн түүхийг бичигч нэгэн болгодгийг дахин дурьдах нь зүйтэй болов уу.

Монголын Галлерейн Холбоог үүсгэн байгуулагч:

Д.Төмөрсүх

Temerx Suke
Temerx Suke

Written by Temerx Suke

Фүжи Уулын Савдаг

No responses yet