Кабүки
Сүүлийн хэдэн долоо хоногт тохиогоогүй хурц нартай халуун өдөр байна… Кондишнны чимээ төвөгтэй санагдаж хоолой аргаж, цонхоор тусах хурц нар улам нозооруулж толгой өвдөнө…. Өчигдөр авсан хөлдүү лимоноо долоовол бие арай дээрдэж магадгүй гэж бодсон ч босох тэнхэл байсангүй. Үдээс хойш хичээлийн дараа Наоко-той уулзана гэж тохирсон ч иймэрхүү байдалтай түүнтэй уулзаж чадахааргүй болохоор дахиад хойшлуулах болов уу… Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд түүний уулзах хүсэлтийг бараг 5 дахь удаагаа хойшлуулж байгаа нь энэ байх. Бээжингээс буцаж ирснээс хойш аль болох хүмүүстэй уулзахгүйг хичээж шөнийн цагаар гэрээс гарч кабукичио-гын клубуудээр эргэлдэхээс өөр ажилгүй болсон миний умгар өрөөнд шарзны эхүүн үнэр нэвт шингэж би ч хэдийн түүндээ дасал болж.
Энэ олон хоног өдрийн цагаар гэртээ бүгж бусдын нүднээс нуугдаж буй нь дундад улсад болсон золгүй учирлаас болсон юм. Түүний үхжээ гэдэг мэдээ намайг огт цочирдуулахгүй ба харин ч баярлуулж магадгүй… Яг үнэндээ аль ч хариулт нь байсан тийм ч ялгаатай биш харин аль алинаас нь үүсэж болох үр дүнгээс л би айж байгаа. Хэрвээ хүний аминд хүрсэн байвал яах вэ ? Намайг Бээжинд эрэн сурвалжилж байгаа болов уу? Эсвэл миний өмнөөс хэн нэгэн хэлмэгдсэн юм биш байгаа гэж бодох тусам сэтгэлд түгшүүр мэдрэгдэнэ.
Түүний туслаач гэж орилсон хоолой одоо хэрнэ чихэнд сонсогдож хэд хоног зүүдлээд амжив. Гэхдээ би яагаад буруутан болно гэж. Түүнд туслах үүрэг надад байхгүй шүү дээ тэглээч би түүнийг огт танихгүй, ослын шалтгаанд нь ч бас би буруугүй тэр зүгээр азгүй амьтан байсан. Мөн би хятад хэл мэдэхгүй учир түүнд тусалж тусламж дуудаж чадахгүй нөхцөл байдалд би байсан.
Дотор муухайрч суултуур түшин огиулж эхлэв. Толгойд бужигнаж буй энэ бүх бодол, зөрчлийг бөөлжистэйгөө хамт суултуурын хоолойруу урсгачих юмсан даанч гэж бодсоор ор луугаа буцаж алхав. Өнгөрсөн шөнө чирч ирсэн шар айрагны үлдэгдлийг ширээний голоос авч хөнтрөв, өдрийн хурц наранд бүлээссэн шар айраг халуун цай шиг дотор зуран орж байлаа. Хөшиггөө хааж орондоо буцаж хэвтлээ зургаан сарын ид халуун эхэлсэн болохоор хөдлөх бүрт хөлс урсаж хөнжилнөөс таагүй үнэр үнэртэнэ. Магадгүй миний сэтгэл, хүн чанар яг энэ үнэр шиг өмхийрсөн байх. Өмхий үнэрээс зугтаан өрөөний голд буйдан дээр очин суун хөгжимдөөд асаан In the Mood for Love — Shigeru Umebayashi сонслоо. Гэхдээ тэр мухарт байгаа ор нь ч, үнэр нь ч минийх гэхээр өмхийн ч бас минийх өөрийгөө жигшиж өөрөөсөө зугтааж байгаа бодол минь ч минийх… гэж бодохоор улам бачуурч эхлэв.
Бүлээн шар айрагнаас ахин хөнтөрсөн болов ч хэдийн хоосон олон болсон байлаа, нүд бүрэлзэж толгой эргэж эхлэв өтгөн манан өрөөнд бууж өөр хэн нэгэн манан дундаас намуухан ярих мэт мэдрэгдэнэ. Тэнд надад тусалж чадах хүн зөвхөн чи л байсан, чи амиа бодож зугтаагаагүй бол би амьдрах байсан, чи зүгээр аймхай зөвхөн өөрийгөө бодсон үйлдэл гаргасан гэх үгс намуухан сонсогдох байх шиг… маргааш маргааш хурдан болоосой энэ бүхэн маргааш гэхэд дуусна гэж хашхиран зүүднээс сэрлээ.
Дахиад л толгой өвдөж дотор муухайр ч байна. Өдрийн халуун байхгүй болж тэнгэр бүрхэж бороо шивэрч эхэлжээ. Хүн байна уу Оно күн гэх шингэн хоолой хаалганы цаана сонсогдов. Намайг гэртээ байгааг мэдэх ганц хүн нь Наоко бас намайг күн гэж дуудах эмэгтэй түүнээс өөр бараг байхгүй. Хаалгаа нээн аль болох хөндий дуугаар Сайн уу гэж мэндэллээ.
- Чи зүгээр үү ойрд холбоо барихгүй болхоор чинь
- Тиймээ би сайн чи оролдоо
- За Коизүми багш чамтай заавал уулзаадах гэсэн юм
- За
- Өнгөрсөн Пүрэв гаригт сургуулийн хаягаар чамд захидал ирсэн
- За
- Бээжинд чиний дадлага хийж байсан газар гарсан ослын тухай ямар нэг зүйл үзсэн бол хариу захидал бичээрэй гэсэн байна лээ…
- За
- Хохирогч нь ухаан ороогүй гэхдээ биеийн байдал нь дээрдэж байгаа гэсэн байна лээ
- За ашгүй дээ
- Гэвч хэрэгтэнг одоо болтол олоогүй гэсэн
- За чамд баярлалаа Наоко
- Зүгээрээ хичээлдээ очоорой би чамайг хоолны хордлоготой хүнд байгаа гээд хэлчихсэн
- За баярлалаа
- Би чамд хүйтэн лимоны шүүс авчирсан бас шөл, шартсан үед хэрэгтэй….
Би баярлалаа гэж дахиад хөндий дуугаар хэллээ… сэтгэл зовоож байсан зүйлдээ тодорхой хариулт авсан хэдий ч өөрөө өөртөө сэтгэл дундуур хэвээр…
Бороо шаагьж эхлэв.