Монголын контемпорари Уран бүтээлчид цуврал — 2
Шагдаржавын Чимэддорж
Үл тасрах Чимээ…
Монгол төдийгүй ази тивдээ Чимээ дэгдээн яваа уран бүтээлч бол яах аргагүй Шагдаржавын Чимэддорж юм. Түүнийг морины гэдгээр нь Монголчууд таних боловч дэлхийн томоохон музей галерей, цуглуулагчид орчин үеийн Монголын дүрслэх урлагийн томоохон төлөөлөл хэмээн тодорхойлж бүтээлээс нь цуглуулан хадгалж байгаа. Тэрээр 1989 оноос хойш гадаадын олон орнуудад өөрийн бие даасан үзэсгэлэнг гаргасны зэрэгцээ биеналь, териналлуудад тасралтгүй оролцож Монголын дүрслэх урлагийг дэлхий нийтэд тодорхой хэмжээнд сурталчлан таниулж яваа.
Ихэнх уран бүтээлчид өөрийн дотоод ертөнц, бүтээлийн гол санаагаа илэрхийлэхийн тулд өөрт хамгийн ойр, таньж мэдсэн зүйлийг түлхүүр хэрэглэгдэхүүн болгон ашиглах нь олон. Үүнтэй адилаар энэхүү уран бүтээлч нь мориор дамжуулан Монгол хүний онцлог, шинжийг (identity) илэрхийлдэг. Түүний бүтээлүүдээс бусад үндэстнүүдийн нэгэн адил өөрийн соёл, уламжлал, түүхээ эн тэнцүү бичиж яваа Монголчуудын тухай бодит үнэнг л харах болно.
Тэрээр уран зураг, уран баримал, бэхэн зураг, усан будаг, шаазан урлал, ланд арт гэх мэт маш олон төрлөөр бүтээл туурвих бөгөөд аль ч төрлөөр хийсэн түүний өвөрмөц арга барил сэтгэлгээний онцлог нь илт ялгардаг. Энэ нь Дэлхий нийт хөгжин цэцэглэж, хүн төрөлхтөн глобалчлагдахын хэрээр зарим соёл уламжлал, үндэстний онцлог устан алга болж шинэ соёлд дасан зохицож амьдардаг нь хорвоогийн жам мэт боловч нөгөө талаасаа бол аливаа үндэстний уламжлал, онцлог үнэт зүйл дээрээ тулгуурлан түүнийхээ мөн чанарыг ойлгож шинэчлэлт хийвээс хорвоо дэлхий илүү сонирхолтой, илүү үзэсгэлэнтэй, илүү сайхан гэдгийг ойлгох болно хэмээн сануулж бас давхар шүүмжлэн буй агуулга юм.
Дүрслэх урлагийн үндсэн суурь болох зохиомжийн хувьд тэрээр Монгол зургийн үндсэн үзэл санаанаас хэт холдоогүй боловч гүйцэтгэл, сэтгэлгээний хувьд илүү чөлөөтэй тигд баригдахгүйгээр ажилладаг нь түүний хамгийн гол онцлог юм. Бүхнийг дээрээс тольдож буй мэт энэхүү хавтгай зохиомж бол Монгол үндэстний соёл, сэтгэлгээний онцлогийг шууд илэрхийлэх болно. Гэвч бид социализмаар дамжуулан европын урлагт суралцах болсноор өөрийн уламжлалт сэтгэлгээгээ хэт туйлшран үгүйсгэх хандлага тодорхой хугацаанд явсан нь үнэн. Харин өнөө цагт биднийг дэлхий нийт нэн олон жилийн түүхтэй, урт хугацааны уламжлалт сэтгэлгээний онцлогтой хэмээн тодорхойлж илүү сонирхож байгааг тус уран бүтээлчийн гаргасан амжилтаас харж болно.
Олон хүмүүс түүний бүтээлийг импрессионист өнгө аястай гэж тодорхойлдог. Мэдээж өмнөх цаг үеийн алдарт зураач уран бүтээлчдээс суралцах нь зүйн хэрэг бөгөөд тэрээр өөрөө ч мөн би бүх зүйлээс суралцдаг хэмээн хэлсэн байдаг.
Гэвч түүний бүтээлүүдийн өнгө импрессионист гэхээс илүүтэйгээр ази, дорно дахины сэтгэлгээ, байгаль цаг уурын онцлогоос үүдэлтэй өнгө аяс гэж тодотгох нь илүү үнэнд дөхөх болно. Учир түүний бүтээлийн өнгө нь импрессионистуудаас илүү баялаг бөгөөд уудам орон зайн илэрхийлэл илүү давамгайлах ба хүний сэтгэлийн уянгалаг мөн чанарыг дэвэргэн илэрхийлдэг.
“Айдаа амьдрал шүлэг шиг сайхан Алтан дэлхий дуу шиг сайхан” гэж толгой холбон бичиж буй мэт бүтээлүүд бол түүний бэхэн зургийн ажлууд. Энэ төрөлд бол тэрээр мастер. Учир нь түүний бүтээлд хиймэл, хуурмаг зүйл гэж огт үгүй бөгөөд бүгдийг биеэр туулж таньж мэдсэн мэдрэмжээ шингээн туурвиж буй болохоор илүү амьд, илүү хүнд хүрдэг байх. “Бэх хүрээгүй орон зайн ч бэхний таталт бүртэй адил ач холбогдолтой” хэмээх сонгодог тодорхойлолт хангалттай гэж бодож байна.
Мөн энд түүний баримлын бүтээлүүдийг дурдахгүй өнгөрч болохгүй. Учир нь тэрээр 57-дахь удаагийн Венецийн биеналид “Би шувуу” хэмээх баримлын бүтээлээрээ оролцсон. Тус бүтээл нь хүний мөн чанар, оршихуйн үнэт зүйлрүү илүү өнгийсөн бөгөөд өнөөгийн дэлхий нийтэд тулгамдаад байгаа сэдвийг хөндсөн юм. Монголчуудын хуучны домог ярианд Тогоруу шувуу дэлхий цөмөрчих бий гэж эмээсэндээ, хайрласандаа аяар аяархан алхдаг хэмээн өгүүлдэг. Энэ яриа үнэн худал гэхээсээ илүүтэйгээр амьтан бүхэн энэ гайхамшигтай хорвоо дэлхийгээ хайрладаг гэдгийг санах хэрэгтэй хэмээх философи юм. Гэвч өнөө цагт хүн төрөлтөн бид өөрийн амиа бодсон бэртэгчин зан, хувхай шунал, атгаг санаанаасаа болж байгаль дэлхий, ан амьтан, зэрэгцэн орших бүхнээ намнах гэж дайрахын хэрэг юу билээ…??? гэдгийг бодож тунгааж хайрлан хүндлээч гэдгийг сануулж. “Түрэмгийллээ зогсоохыг” уриалсан бүтээл билээ.
Урлаг гэдэг бол ид шидээр, эсвэл хоосон хийсвэр зүйлээс бий болдог зүйл огт биш ээ. Харин бидний оршихуй, бидний үнэт зүйл, уламжлал, ахуй амьдрал дундаас бүтдэг юм шүү…
Зөвхөн авьяас, ур чадвартай байгаад урлаг бүтээдэггүй бөгөөд харин түүний төлөө маш их судлах, таньж мэдэх, эргэцүүлэн тунгаах гэх мэт нөр их хөдөлмөрлөдөг. Хэдий хүнд хэцүү зам боловч өөртөө аз жаргал мэдрүүлнэ гэдэг гайхалтай.
Ш.Чимэддоржийн бүтээлийн дээжс дэлхийн олон орны алдартай музей, галлерейнуудын үзмэрт хадгалагдаж байгаа. Жишээ нь Япон улсын Фукуока хотын Азийн урлагийн музей, Францын “Музей де Шантилли” хэмээх морины музей, Хонконгийн “Хан арт” галерей гэх мэт.