Самарканд

Temerx Suke
2 min readMar 26, 2020

--

Өглөөний 11 цаг гадаа нарлаг сайхан байна. 2 сарын сүүл гэхэд энд хэдийнээ ногоорч шинэ тариалалтын улирал эхэлж хүмүүс бэлтгэл ажилдаа орсон байна. 30 гаран цагийн өмнө битүү цас мөсөн дундаас хөдөлсөн би 2200 орчим км явсны эцэст эртний хот Самаркандын барааг харсан юм. Ташкент хотод автобус сэлгэж суухад миний хажууд сууж таарсан Герман эрдэмтэн энэ хотыг 30 гаран жил судалж байгаа хэмээн бид 2 богино яриа өрнүүлсэн бөгөөд миний Монголоос ирсэнд их л ач холбогдол өгч байлаа. Учир нь тус хот 2000 гаран жилийн түүхэндээ 4 эзэнт гүрэнд эзлэгдэж байсны хоёр нь Монголчуудтай хамааралтай. Мэдээж Арабын эзэрхийллээс салгаж эзэн суусан их хаан бол Чингис хаан билээ. Түүний түүхэн үед болон түүнээс хойших Монголын эзэнт гүрний үед тус хотын эдийн засаг хамгийн хүчирхэг үедээ хүрсэн ба торгоны замаар дамжих худалдааны хамгийн гол хот болж чадсан бөгөөд одоо ч тус хотын иргэд үйлдвэрлэл аж ахуй гэхээс илүүтэйгээр худалдаа наймаанд чиглэсэн амьжиргаа илүү давамгайлж байгаа нь хотын уур амьсгалаас илт мэдрэгдэж байлаа. Торгоны замын гол төв байснаас гадна Исламын шашны гол хотуудын нэг бөгөөд хамгийн олон жилийн түүхтэй Исламын сүмүүд тус хотод хадгалагдан үлдсэн. Мөн Төмөр хааны сэргэн мандалтын үед энэ хотын хөгжлийн оргил үе байсан хэмээн өнөөх герман эрдэмтэн ярьсаар бид авто вокзал дээр буулаа. Хоёр хоногийн өмнө Нурсултанд цасаар шуурч байсан болохоор би их зузаан хувцастай явж байлаа. Тийм ч учраас аль болох хурдхан хоноглох газраа очиж түр ч болов ачаанаасаа салхийг хүсэн автобус биш такси сонголоо.

Мэдээж хэрэг албан бус такси олдсон бөгөөд миний очих хаягийг үзээд бүр утсаар хүртэл лавлаж орос ангил хэл холин үнийн тал дээр хүртэл санаа тавьж байв. Таксины үнийг сонсоод энэ өвөө надад үнэтэй хэлж байна даа гэж бодсон хэдий найрсаг занд нь болоод би таксинд суучихлаа… дотроо ч дүүрсэн хэрэг гэж бодож явсан юм. Дараа нь буудалдаа ирээд лавлаж асуувал би 3 дахин ихийг өнөөх өвөөд төлснөө мэдсэн билээ. Тэгээд болоогүй ээ манай сайн өвөө дүртэй таксины жолооч маань намайг буруу буудалд авчирж үлдээсэн юм. Гэвч жуулчиний улирал биш болохоор нөгөө буудал маань намайг гейст хаусын үнээр буулгах санал тавьж найрсаг хандсан юм. Олон цаг машинд явсан надад яг үнэндээ хаана буусан ч хамаагүй мэт л санагдсан болохоор би ё дотроо дуртай зөвшөөрч баярлаж байлаа. Учир нь Улаанбаатараас гараад 5000 орчим км машинаар явсан надад халуун шүршүүр зөөлөн ор л хэрэгтэй байсан.

Үргэлжлэл бий……

--

--

Temerx Suke
Temerx Suke

Written by Temerx Suke

Фүжи Уулын Савдаг

No responses yet