Түүнтэй би дахин учрах болов уу ?

Temerx Suke
4 min readNov 22, 2019

--

“Стамбулын аяллын тэмдэглэл”

Гадаа гудамж талбай цав цагаан цасаар хучигдсан жиндүү хүйтэн өвлийн өдөр үүнийг би дурсан сууна. Тэр жил их урт намар болсон. Би 11 сарын дулаахан нарлаг өдөр Стамбулд газардсан бөгөөд тэр хотын тухай тэр улс орны тухай төсөөлөл миний дотор хамгийн гэгээлэг сайхнаар оршин байсан юм. 2 тивийн уулзвар олон соёлын зангилаа болсон түүх соёлын шавхагдашгүй өвийг тээж буй улс хэмээх ойлголтоор төсөөлж гаалийн хянан шалгах дээр догдлон зогсож байсан мөчийг мартдаггүй юм. Ингээд 30 орчим минут дугаарлаж зогссоны эцэст миний ээлж ирж хар бэхэн штанф паспортын хуудсан дээр минь дарагдаж би догдлол хүлээлт, төсөөллөө бодит болгохоор тус улсын хилээр нэвтрэх нь тэр.

Нарлаг бас дулаахан уур амьсгал цаанаа нэг тийм үзэсгэлэнтэй эртний дүр төрхөө алдаагүй гэмээр хот намайг угтан авч, түмэн хүн холхисон гудамжаар алхан олны дунд уусан нэгдлээ. Энэ хотын гол мөн чанар нь Босфорыг хоолойн эрэг дээр байрлаж шашин ба соёлын нэгэн цөм төвлөрөл болж буйд оршино.

Өдөр тутмын мөргөл зан үйл, түүнд зориулагдсан хөгжим, дуу чимээ намайг шоконд оруулж байлаа. Энэ улсад шашин бол бүх зүйл, Аллах чамтай уулзахыг хүссэн учраас чи энэ хотод ирсэн юм гэж хэлэх Турк хүнтэй ч таарсан. Магадгүй л юм би чинь энэ хотод ирэх гэж автобус, вагон, онгоц гэх бүхэл тээврийн хэрэгслийг ашиглан 9500км замыг туулан 7 хоног явж байж энд ирсэн хүн шүү дээ гэж хувьдаа бас бодоод амжив. Надад таалагдсан энэ улс тэр тусмаа Босфорын хоолойн эрэг дээр буй энэ хот соёлын өвөө, түүх дурсгалаа хэрхэн хадгалж үлдэж, хэрхэн дэлхий нийтэд гайхуулж үзүүлж бизнес болгож чадаж байна гэдэг бол бүр ч их таалагдсан. Жишээ болгон хэлэхэд 1600 орчим жилийн настай “Hagia Sophia” хэмээх барилга бөгөөд үргэлж л жуулчдын хөлд дарагдаж байдаг соёлын өв болсон барилга үүнийг баталж харуулах гэсэн шиг би гэхэд л 2 цаг зарцуулан урт дараалалд зогсож орж үзсэн юм. Хамгийн сонирхолтой нь тэрхүү барилга дотор 11-дүгээр зуунд хийгдсэн гэх Христосын хөрөг бүхий мозайк байсан намайг гайхшруулсан юм. Энэ чинь хатуу чанга ёс жаягтай Исламын шашинтай улс шүү дээ гэж бодов.

Гэхдээ хэдий соёлын өвөө хадгалж чадсан ч үзэсгэлэнтэй бүхний цаана нуугдах үнэн дүр төрх гэдэг бол үнэхээр аймшигтай ч юм шиг гайхалтай ч юм тийм зүйл. Тэр бол энэхүү нийгмийн үнэн дүр төрх мадаггүй энэ үндэстэн өөрсдөө хэзээ ч ингэж боддоггүй байж мэднэ.

Тус нийгэмд ялгаварлан гадуурхалт хүйсийн тэгш биш байдал шашны хэт давамгай үзэл нийгмийн үнэ цэнэгүй байдал гэдэг зүйлүүд намайг хамгийн ихээр бачууруулж гайхшруулж байлаа. Энд хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн 80-н хувь нь эрэгтэйчүүд. Олон талаар эмэгтэйчүүдийн эрх хаалттай. Гэвч Аллах хүслээр болж байгаа болохоор хэн ч гомдол хэлэх эрхгүй.

Иймэрхүү зүйлсийг мэдэрч хотын түүх соёлын өв гоо үзэсгэлэнг мэдрэн магтаж долоо хоног өнгөрлөө.

Дараа өдрийн өглөө мэдэрсэн тийм гэж хэлэхийн аргагүй гоо үзэсгэлэнг би хэзээ ч мартахгүй бас дахин хэзээ ч учрахгүй. Тэр бол тус хотоос буцах өглөө тохиосон бөгөөд нар мандахаас өмнөхөн автобусанд суун хотын урд захад орших нисэх буудлыг зорин явсан юм. Тэрхүү мөчид энэ хотод хэзээ ч байж боломгүй нам гүм байдал надад мэдрэгдсэн бөгөөд Босфорын хоолой болон Стамбул хотын урд эрэг өтгөн мананд хучигдаж өндөрлөг газарт орших ганц нэг сүмийн орой цухуйх агаад түүний цаанаас тусах час улаан нар тэрхүү орчныг улам үзэсгэлэнтэй ч юм шиг аймшигтай юм шиг орчинг бүрдүүлж байлаа. Энэ мэдрэмжиндээ итгэж ядан суух тэр агшинд гүүний өмнөх буудлаас нэг үзэсгэлэнтэй Турк бүсгүй миний эсрэг талын суудалд суув. Цонхоор тусах час удаан нарны туяа түүний улаахан уруулыг улам ихээр гэрэлтүүлж гоо үзэсгэлэнг нь тэтгэх хэдий ч түүний гунигтай харц ямар хувь тавилангаар энэ улсад ийм нийгэм соёл бүрэлдсэн газар төрсөн юм болдоо гэж бодоход хүргэв.

Хэзээ ч миний өөдөөс эгцэлж харж чадахгүй энэ бүсгүйн нүд Босфорын хоолойн манан шиг өтгөн гунигтай бөгөөд түүнийгээ хэзээ ч ил гаргаж чадахгүй, тэгж ч болохгүй гэх айдас мэдрэгдэнэ. Хүн гэдэг хүчирхэг амьтан хэдий ч нийгмийн механизм, шашин гэх мэт энэ том машины өмнө хүчин мөхөс нь илт. Түүнийг бий болгож буй зүйл тэр цухуйж байгаа сүржин хийцтэй сүм хийд л байхдаа гэж бодогдон аймшигтай бас эмгэнэлтэй мэдрэмж төрөв. Энэ хотын нүсэр гоо үзэсгэлэнгийн цаанаа нуугдах үнэн зүйл энэ шүү дээ…

Тэрхүү час улаан уруултай манан мэт гүн гунигтай харцтай гоо үзэсгэлэнтэй бий дахин учрах болов уу… ???

--

--

Temerx Suke
Temerx Suke

Written by Temerx Suke

Фүжи Уулын Савдаг

No responses yet