Узбекистан орох замд Их борооны өмнө
Машины цонхоор уудам саарал тэнгэр цэлийж, хааяа ганц нэг бороо дусална бодоход ард үлдсэн цасны үргэлжлэл намайг бороо болон дагаж байгаа юм болов уу гэж сэтгэлээ баясгана. Астанагаас хөдлөөд 20 гаран цаг явж байгаа болохоор хамт зорчиж байгаа хүмүүс ихэнх унтаж байлаа. Бүүдгэр тэнгэрийн доор шороон замаар сэгсчүүлж яваа учир чиг зүгийн баримжаагаа, цагийн баримжаагаа ч алдаж орхиж. Ямар ч байсан харанхуй болох дөхөж байх шиг л… үргэлжилсэн тал тариан талбай хааяа таарах хэдэн илжигнээс өөр зүйлгүй энэ зэлүүд нутаг хорвоо ертөнцийн мухар мэт санагдана. 20 хэдэн цагийн өмнө цасаар шуурч 1 метр гаруй өндөр цасан дундуур явсан би одоо бороо ороосой гэж хүснэ. Хүн гэдэг их сонин амьтан юмдаа. Өнгөрсөн сард Шанхайд ид хөл хөдөлгөөн дунд байхдаа чимээгүй тайван зэлүүд нутгийг хүсэж байсан бол одоо энд ирсэн хойноо эсрэгээрээ хөл хөдөлгөөн хүсэх шиг…
Гэхдээ ганцаардаад байгаа зүйл огт биш ээ харин ч өмнөхөөсөө илүүтэйгээр бусдыг гярхай анзаардаг болдог юм байна. Илүү соргог болдог гэх үү дээ. Хүн хоорондын харилцаа гэдэг сониуч зан дээр илүү тулгуурладаг гэдгийг ч мөн анзаарлаа. Машинд сэгсчүүлж явахдаа олон зүйл бодож бодлоос бодлын хооронд өөртэйгөө ярьж явахдаа 2 хоногийн өмнө Астана хотод өглөөний мөргөлийг сонирхож сүмээр явж байхдаа. Нэг мөргөлчин залуутай ярилцсанаа эргэн бодлоо.
Нээрээ бидний хувьд аливаа зүйлийг хэт нэг өнцгөөс нь харах шүүмжлэх байдал давамгайлаад байх шиг. Огт мэдэхгүй зүйлээ мэддэг мэт шүүн ярилцах ёс суртахуунгүй бусдыг үл хүндэлсэн бүдүүлэг үйл гэдгийг бодох хэрэгтэй мэт. Тэр мөргөлчний тайлбараас хамгийн таалагдсан зүйл нь аливаа том зүйлийн дотор орших багахан сөрөг зүйлийг харчхаад бүхлээрээ тийм гэж дүгнэх нь хэт өрөөсгөл шүү дээ… исламын шашин олон урсгалтай түүний дотор байгаа нэгэн сөрөг урсгалаас болж нийтээрээ тийм мэтээр дүгнэх хүн ёсны зүйл биш шүү дээ. Аль болох таньж мэдэхийг хичээж түүний дараа итгэн бишрээрэй гэж тайлбарлаж билээ.
Тиймээ яах аргагүй эхлээд таньж мэдэх хэрэгтэй. Биднийг биднээс яалгадаг олон үзэл бодол олон соёл бий түүнд хүндэтгэлтэй хандаж таньж мэдсэний дараа…..
Яг одоогийн энэ нам гүн байдлыг мэдрээгүй бол би Шанхайн хөл хөдөлгөөний сайхныг санагалзахгүй байсан ч байж мэднэ…
Ийн бодсоор машин цонхоор харанхуйд шаагих бороог ширтэн цааш сэгсчүүлнэ…