Temerx Suke
5 min readJan 23, 2022

Усан будаг

Зураач Д.Батнасан

Усан будгийн урлаг дүрслэх урлагын түүхэнд томоохон хуудас эзлэх бөгөөд зураач, бүтээлчид болгон тодорхой хэмжээнд усан будгаар ажиллаж үзсэн байдаг. Зураачдын ур чадварыг үнэлж дүгнэх нэгэн гол төрөлд яах аргагүй усан будгаар ажиллах ур чадвар ордог билээ. Усан будгийн бүтээлийн үнэ цэн нь түүний давтагдашгүй мөн чанарт буюу маш сайн бодсон өнгө, зохиомж, өгүүлэх гэж буй сэдвийн найруулгыг бийрний уран чадварлага тоглолт таталтаар шийддэгт оршино.

Усан будгийн урлаг бол эртний түүхтэй. Урлагийн түүхэнд албан ёсоор тэмдэглэгдсэн нь Египетийн үе. Азид МЭӨ 4000 оноос хятадын уламжлалт уран зураг болон гоёл чимэглэлийн зориултаар хэрэглэгддэг байсан бөгөөд МЭ 1 -р зуунд сүм хийдийн ханын зургийг зурах урлаг болон өргөжин хөгжсөн бол 4 -р зуунаас Азид усан будаг нь байгалын уран зургийн бие даасан төрөл болон хөгжиж чадсан.

Европын сэргэн мандалтын үе болох 15–16 –р зуунд цаасны үйлдвэрлэлд дэвшил гарснаар энэхүү урлагийн төрлийн урлаг хөгжих цоо шинэ эрин үе эхэлсэн гэж үздэг. Анхандаа зөвхөн ханын чимэглэл зургийн хэмжээнд ойлгогдон хэрэглэгдэж ирсэн усан будгийн арга ажиллагааг нь цаасан дээр бууж эхэлснээр энэхүү урлагийн төрлийг хүлээн авах сэтгэлгээ, олон нийтийн ойлголт асар хурдацтай өөрчлөгдөж хөгжлийн шинэ түвшинд рүү дэвшсээр байлаа. Энэ бүхэнд гол нөлөө үзүүлж байсан уран бүтээлч бол сэргэн мандалтын үеийн агуу их зураач Альбрехт Дюрер (1471–1528) юм. Тэрээр усан будгаар ажиллах шинэ аргыг боловсруулан өнгөний тунгалагбайх эффектийг олон нийтэд хүргэснээр бусад бүтээлчдэд маш их урам өгсөн гэж үздэг. Герман улсад энэхүү чиг хандлагыг Дюрерийн сургууль гэж үздэг бөгөөд сэргэн мандалтын үеийн томоохон хөдөлгөөнүүдийн нэг билээ. Гэсэн ч урлаг сонирхогч олон нийтийн дунд дээрх өөрчлөлтүүд, хүчин чармайлтуудыг үл харгалзсан хэвээр байсан бөгөөд байгаль цаг уур, ан амьтан, ургамал судлалын судалгааны хүрээнд болон судалбар зургийн хэмжээн үзэж бие даасан урлагийн төрөл хэмээх статуст хамааруулахгүй хэвээр байлаа.

Орчин үеийн усан будгийн зургийн хөгжил

Газрын зургийг бүтээхэд усан будгийг түлхүү ашиглаж байсан ба тухайн газрын топографийг гаргахад усан будаг нэн тохиромжтой байсан. 18-р зуунд Английн газрын зураг бүтээлч зураач Пол Сандби (1730–1809) (Английн Хатан хааны академийг үндэслэгчдийн нэг) нь байгалийн уран зургийг усан будгаар зурж эхэлснээр нэн алдаршиж тухайн үеэс барууны урлагт усан будгийн эзлэх байр суурь асар их өөрчлөгдсөн. Тэр үед Англид олон газрын зураг бүтээгч зураач нар байгалийн уран зураг руу орох болж энэ үеэс усан будгаар зурах нь байгалийн уран зургийн гол хэрэгсэл болсон юм.

Энэхүү үйл явдал нь яваандаа усан будгийн хөдөлгөөн болж хөгжсөн бөгөөд тус хөдөлгөөнийг санаачлан тэргүүлэгч нь J.M.W. Тернер (1775–1851) хэмээх зохион бүтээгч , романтик байгалийн зураач байлаа. Харин том хэмжээтэй романтик болон үзэсгэлэнт байгалийн уран зураг зурахад усан будгийг анх удаа ашиглаж олон нийтэд хүргэсэн зураач бол Томас Гиртиний билээ. Тэрээр тухайн хөдөлгөөний гол төлөөлөгчдийн нэг юмаа. 1800-аад оны дунд үе гэхэд Английн урлагийн нийгэмлэгт “Усан будгийн зураачдын нийгэмлэг” (1804), “Шинэ усан будгийн өнгө нийгэмлэг” (1832) хэмээх хоёр ч нийгэмлэг байгуулагдсан. Англи дахь энэхүү дэг сургуулийн хөгжил нь анхны импрессионистуудын анхаарлыг татаж тэдний бүтээлүүдэд нөлөөлсөн гэж үздэг.

19–20 -р зуунд усан будгаар олон алдартай уран бүтээлчид бүтээл туурвих болсон ба Европ дахь энэхүү хөгжил өөрчлөлт хүрээгээ тэлж хойд Америкт нөлөөлж эхэлснээр зураач Уинслоу Гомер усан будаг ашиглан байгалийн гоо үзэсгэлэнг зурах болсон. 20-р зуунд Винсент Ван Гог, Германы модернист зураач Василий Кандинский, Швейцарийн модернист Пол Кли гэх мэт маш олон алдарт зураачдын усан будгийн бүтээлүүд өдгөө бидний цаг үед алдаршин хадгалагдан үлдсэн байна. Василий Кандинский абстракт чиглэлээ нээсэн бүтээлүүд нь усан будгийн ажлууд байсан нь сонирхол татдаг.

Монгол дахь усан будгийн хөгжил

Монголын уран бүтээлчид маань усан будгийн төрөлтэй 20-р зууны дунд үеэс танилцаж эхлээд тодорхой үё шаттай хөгжиж эхэлсэн байдаг. Үүнд онцгой нөлөөлөл үзүүлсэн зураач бол Ардын зураач Л.Гаваа юмаа. Тэрээр 1952 онд хуучнаар Ленинград хотын Репины нэрэмжит дүрслэх урлагийн академийг театрын зураач мэргэжлээр төгсөж ирснээр монголын кино зургийн хөгжилд томоохон нөлөө үзүүлсэн хүн юм. Түүний зэрэгцээ тэрээр дотоодын усан будгийн хөгжилд нөлөөлж Мишиг, Бүдбазар гэх мэт алдарт зураачдын хамтаар өөрчлөлт авчирсан билээ.

Үүнээс хойш өнөө цагт усан будгаар бүтээл туурвиж буй олон уран бүтээлчид бий болсон. Монголын уран бүтээлчдийн усан будгийн өнгө ая, ур чадварыг тодорхойлоход голлох нөлөө үзүүлсэн уран бүтээлчид гэвэл зураач Я.Оюунчимэг, Ш.Чимэддорж, Ц.Энхжаргал, Дондовдорж, Хүрэлбаатар гэх мэт зураачдыг нэрлэж болно. 2014 онд Зураач Д.Батнасан Т.Найманчулуун, С.Чулуунбаатар дан усан будгийн зураачдын бүтээлүүдээс бүрдсэн “Усан будгын мастерууд” үзэсгэлэн байгуулсан нь усан будгын зураачдын анхны нэгдсэн үзэсгэлэн болж байлаа. Улмаар “Монголын усан будгын нийгэмлэг” байгуулагдсанаар олны анхаарлаас холдоод байсан энэ төрөл сэргэх хөгжих хандлагыг эхлүүлж чадсан юм. Түүний үр дүнд Олон улсын Усан будгийн нийгэмлэгээс зарладаг олон биеннал, трейнналуудад монголын уран бүтээлчид тогтмол оролцож олон улсын түвшинд том том амжилт үзүүлсээр байна. Энэ бүхний шууд нөлөөгөөр монголын зураачдын дунд усан будгын төрлөөр ажиллах сонирхол илт нэмэгдсэн нь энэ төрлийн уран бүтээлүүдийн үнэ цэнэ өсөх, уран бүтээлүүдийн чанар эрс сайжирч хөгжих шалтгаан болж байна. Үүний зэрэгцээ үзэгч олон нийтийн дунд усан будгийг х хэрэгцээс нэмэгдсэн. Зураач Д.Батнасан нь тухайн хөдөлгөөний гол төлөөлөгсчдийн нэг төдийгүй өөрийн уран бүтээл болон олон нийтэд хүргэж байгаа ажлуудаараа өнөө цагийн усан будгийн хөгжилд томоохон үүрэг гүйцэтгэж хувь нэмрээ оруулж байна.

Зураач Д.Батнасан

Д.Батнасан уран бүтээлчийн хувьд 1987 онд ДУДС- ийн Монгол зургийн ангийг төгссөн боловч урлаг сонирхогч олон нийт түүнийг усан будгийн мастер гэдгээр илүү таних билээ. 2014 онд Монголын усан будгийн нийгэмлэгийг үүсгэн байгуулахад голлох үүрэгтэй оролцсон тэрээр өдөр тутмын үйл ажиллагаа болон тухайн нийгэмлэгийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх гол ажлуудыг хийсэн ба олон нийтийн анхаарал сонирхлыг усан будгийн чиглэлд хандуулж чадсан. Мөн монголын усан будгийн уран бүтээлчид олон улсын хэмжээнд гарахад тухайн нийгэмлэг голлож ажиллахад чухал үүрэгтэй оролцсоныг тэмдэглэн үлдээх хэрэгтэй.

Харин түүний бүтээлүүдийн тухай дурдвал маш өргөн хэмжээнд яригдах боловч энэ удаад зөвхөн усан будгийн бүтээлүүдийнх нь тухай энд бичвэрт өлгүүлэх болно. Түүний усан будгийн бүтээлүүдийнх нь сэдэв ихэнхдээ Landscape буюу байгалийн уран зураг болон аж байдлын тухай өгүүлдэг. Магадгүй энэ түүний өссөн ахуй амьдрал, байгаль цаг ууртай нь хамааралтай болохыг үгүйсгэхгүй хэдий ч тэрээр өөрийн бүтээлүүдээ маш судалгаатай хийхийн зэрэгцээ өнөөгийн нийгмийн хөгжлөөс шалтгаалан бүдгэрч буй уламжлалт ахуй соёл, амьдралын хэв маягийн тухай илэрхийлэн гаргах нь олон. Энэ нь уран бүтээлч хүний дотоод ертөнц түүнээс шалтгаалан илэрч буй зовинол болоод хувь хүний үнэт зүйлтэй нь шууд хамааралтай. Үзэгч олон нийтийн хувьд түүний бүтээлүүддээс монгол мөн чанар болоод монгол хүн байгаль цаг уурыг хэрхэн мэдэрдэг болохыг илүү нарийн унших болно.

Бичвэр: Төмөрсүх.Д

Temerx Suke
Temerx Suke

Written by Temerx Suke

Фүжи Уулын Савдаг

No responses yet