Чингис хааны музей ба Соёлын үнэ цэнэ…
Өнөө цагт дэлхий дээр оршин буй үндэстэн бүр өөр өөрийн сэтгэлгээний онцлог, үнэт зүйлээрээ ялгаран ондооших түүнийгээ бусдад таниулан сурталчлах, түүх соёлын өвөөрөө үндэстний дархлаагаа бэхжүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулахын төлөө уралдацгааж байна.
Монголчууд бидний хувьд дэлхий нийттэй мөр зэрэгцэн түүхэн Их хаандаа зориулан музей барина гэж буй нь сайхан хэрэг. Гэвч бид энэхүү чухал бүтээн байгуулалтад хэт өнгөц, хялбараар хандаж буй нь харамсалтай.
Бид сүүлийн 30 жилийн хугацаанд дэлхийн ихэнх улс орнуудтай найрсаг харилцааг бий болгож аялал жуулчлал идэвхтэй хөгжсөн сайхан цаг үед амьдарч байна. Тийм ч учир энэ дэлхий дээрх ихэнх улс орон таныг, намайг, биднийг бага ч болов мэддэг болсон билээ. Гэхдээ энэ бол бидний сайных биш. Харин Их хааны үр хойч, Их түүхийн үргэлжлэл, Монгол хэмээх 6 үсэгтэй цэлгэр уудам тал нутгийн минь нэр Чингисийн монгол гэж овоглогдон дуудагдаж байж хүн төрөлхтөн илүү сайн таньдаг биш гэж үү.
Ийм чухал түүхийн болоод соёлын үнэт өв болсон эрхэм хүнд зориулж музей барих гэж буй энэ цаг үед судлаач, архитекторууд, уран бүтээлчдээ та бид хаана байна вэ….? Яагаад энэ сэдэв дээр дуугарахгүй байна вэ…..?
Өдгөө батлагдсан барилгын зураг нь энэхүү музейн үнэ цэнийг үл илэрхийлэх бөгөөд хувийн орон сууцыг санагдуулах өнгө төрхтэй байна гэдгийг та бүхэн анзаарч харсан байлгүй дээ. Энэ бол зүгээр нэг худалдааны төв, орон сууцны барилга биш учир бид илүү ач холбогдол өгөх хэрэгтэй байх.
Энэхүү музей бол монгол хүний оюуны онцлог ( identity ) соёл түүхийн үнэт өвийг хадгалсан, ирээдүйд олон жилээр үнэлэгдэх уран барилга болох учиртай. Зөвхөн өөрсдөдөө зориулж биш хүн төрөлхтний соёлын өвд үлдэх, түүхийн урсгалд тодоор зурайх бүтээн байгуулалтыг хийх цаг нь болсон гэж бодож байна.
Монголчууд бидэн шиг хагас зууны настай барилга барьдаг улс орон байдаг болов уу… тэр тусмаа музейн барилгад ийм хайнга хандаж байгаа ард түмэн биднээс өөр үгүй биз. Үүнийг бид хамтарч өөрчлөх хэрэгтэй эрхэм архитектор, судлаач, уран бүтээлчдээ.
Энэ бол Их хааны нэрээр дамжуулан өнөө цагт амьдарч буй монголчуудыг хэдэн зуунаар тодорхойлох, таниулах ажил болох учиртай.
Өнөөгийн нийгмийн нэгэн жигшим шалтаг болсон санхүү төсөв нь тийм гайхамшигтай зүйл хийхэд хүрэлцэхгүй гэж магадгүй л юм. Гэвч монгол хүний онцлог бол үнэт зүйл, нэр төр, бахархал, түүх соёлдоо мөнгө харамлахгүй ээ. Энэхүү бүтээн байгуулалт нийт Монгол үндэстэнд бүгдэд чухал гэдгийг нэг бодоод үзээрэй.
Барилга гэдэг бол оромж огт биш энэ бол тухайн үндэстний онцлог болон түүх соёлоор аялах боломж юм шүү… гэж нэгэн алдартай архитектор хэлсэн байдаг.
Тийм ч учир гаднаас нь хархад агуу их эзэнт гүрэн оршин байсан одоо ч энд үргэлжилж байна хэмээх сэтгэгдэл төрөх учиртай…
Барилгын том жижигт биш сэтгэлгээний цар хүрээнд үнэ цэнэ оршино.
Тиймээс үнэхээр цаг болоогүй бол хүлээх хэрэгтэй, Хүлээлээ гээд огт буруудахгүй.
Одоогоос 360 гаран жилийн өмнө Энэтхэгийн хаан өөрийн хайрт хатандаа зориулж Тажмахалыг бариулсан байдгийг та бүхэн бүгд мэдэх билээ. Өдгөө хүн төрлөхтөнд нэн үнэ цэнтэй өв болж дэлхийн долоон гайхамшгийн нэгээр нэрлэгдэж нэгэн цаг үеийн соёл иргэншлийн түүхийг өөртөө тээж буй уран барилга билээ.
Он цагаар тоологдох түүхийн хуудсанд оюуны бүтээл л хамгийн үнэ цэнтэй байр суурь эзэлж буйг эрхэм уншигч та нэг бодоод үзээрэй.
Бид нэг санаа, нэг зорилго доор нэгдвэл бүтээж чадна. Та бүхнийг бидэнтэй санал нийлнэ гэж найдна байна.
Монгол улсын төрийн шагналт, УГЗ Ш.Чимэддорж
Нийтлэлч: Д.Төмөрсүх ( sukhe )