“ Яндашгүй өргөн сэтгэмж” үзэсгэлэнгийн Шүүмж….
Монголын дүрслэх урлагийн сүүлийн 25 жилийн түүхэнд тод гэрэл асааж яваа сургууль яах аргагүй дүрслэх урлаг дизайны “Анима” сургууль билээ. Тус сургуулийн 25 жилийн ойд зориулан гаргаж буй “Яндашгүй өргөн сэтгэмж” багш сурагчидийн хамтарсан үзэсгэлэнгээс уран бүтээлч хүний гайхалтай олон мөн чанар хан хийж байна.
Нэлээд олон жилийн өмнө Японы нэгэн уран бүтээлчээс та яагаад зураач болсон юм бэ гэж асуухад…
Тэрээр хүний амьдралд хамгийн сайхан зүйл бол
Эрх чөлөөтэй амьдрах
Эрх чөлөөтэй сэтгэх
Эрх чөлөөтэй бүтээн туурвихад оршдог юм шүү…
Энэ бүхнийг нэгтгэсэн давтагдашгүй мөн чанар зөвхөн зураач уран бүтээлч хүнд л оршдог гэж хариулж билээ.
Урлагийн үнэ цэнэ өнгөндөө бус мөн чанартаа оршдог. Урлаг гэдэг бол зах хязгааргүй уудамд оршдог од бус харин бид бүгдийн дунд орших итгэл үнэмшил, гоо сайхан, үнэн худал, магтан дуулах, шүүмжлэн хэлэх тэр л бодол сэтгэлгээний илэрхийлэл юм.
Уран бүтээлч бэлтгэж авьяас билгийг нь хөгжүүлдэг сургууль бүрд байдаг хамгийн том айдас бол тухайн хүний сэтгэлгээг хайрцагалчихвий хэмээх ойлголт билээ. Гэвч энэхүү айдсыг минь үгүйсгэх гэсэн мэт тус үзэсгэлэнгээс эрх чөлөө, сэтгэлгээ чөлөөт төрх, өөрийгөө илэрхийлэх гэсэн уран бүтээлчийн чин. хүслүүд нэвт үнэртэж байв. Хамгийн онцлом уран бүтээлч бол зураач Ө.Бархүү байлаа. Түүний бүтээлүүдээс туурвигч хүний хамгийн чухал мөн чанар болох шүүмжлэлт сэтгэлгээ шууд уншигдах бөгөөд сүүлийн 25 гаран жилийн хугацаанд бидний бүтээсэн нийгмийн үнэн төрхийг маш хурцаар хэлсэн байна. Энэ бол уран бүтээлч хүний хувьд дүрэлзэж буй гал шиг гол мөн чанар юм.
Эрх чөлөөтэй сэтгэж, эрх чөлөөтэй бүтээн туурвиж чаддаг уран бүтээлч бэлтгэнэ гэсэн зорилгодоо бат зогсон, олон гайхалтай уран бүтээлч бэлтгэх их ажлын тэргүүн эгнээнд явж буй Я.Булган багшид нэмж талархал илэрхийлье….